ХАНДЛАГА

Javkhlan Bayarsaikhan
3 min readJan 31, 2021

Гэснээс нээрээ эрэгтэй хүн нисэхээр супермэн болоод эмэгтэй хүн нисэхээр шулам болчих юм гэнэ ээ?!

Эрэгтэй хүн уурлахаар зангарагтай эр, эмэгтэй хүн уурлахаар ааштай хүүхэн

Эрэгтэй хүн ажил хийхийг тушаахаар лидер эр, эмэгтэй хүн ажил хийхийг тушаахаар босс зантай хүүхэн

Эрэгтэй хүн олон талаас бодвол ухаантай эр, эмэгтэй хүн олон талаас бодвол муухай санаатай хүүхэн

Эрэгтэй хүн албан тушаалд томилогдохоор хөдөлмөрч эр, эмэгтэй хүн албан тушаалд томилогдохоор явдалтай хүүхэн

Эрэгтэй хүн араар тавихаар чаддаг сайн эр, эмэгтэй хүн араар тавихаар завхай хүүхэн

Эрэгтэй хүн эхнэрээ алдахаар өрөвдмөөр бэлэвсэн эр, эмэгтэй хүн эр нөхрөө алдахаар хар өвөртэй заяагүй хүүхэн гэх мэт.

Ийм ташаа үзэл санаа бидний дунд нийтлэг. Энд дан эрэгтэйчүүдийн ч буруу биш эмэгтэйчүүд бид өөрсдөө бие биенээсээ дэндүү ихийг шаарддаг мөн шүүмжилдэг. Бүсгүй хүн та бусад эмэгтэйчүүдэд яаж хандаж байгаагаа анзаараарай!

Өнгөрсөн сард дөнгөж төрсөн эмэгтэйг нүцгэн шахуу гадаа ачлаа гээд хүмүүс талбай дээр жагсав даа? Ухаандаа энэ эмэгтэйд ингэж хандаж байгаа юм чинь маргааш намайг ч бас ингэх юм байна гээд ирээдүйд учрах эрсдэлээс өөрийгөө хамгаалж байгаа гэсэн үг.

Үүнтэй адилхан бүсгүй та бусад эмэгтэйчүүдэд дээрх нийтлэг жишгээр хандаад л байвал таныг ч бас ирээдүйд өөр хэн нэг эмэгтэй хүн тэгж хандана аа л гэсэн үг. Өөрийгөө болон үр хүүхдээ бодож өөрийнхөө хандлагыг анзаарч засаад л байвал сая нэг байдал сайжирна.

Дэлхий даяар залуу хүмүүсийг шийдвэр гаргах албан тушаалд тавихыг олон нийт дэмжих маягтай болсон. Үүнтэй адилхан эмэгтэйчүүдийг ч мөн адил. Хуучны арга барилаар яваад нэг л болохгүй байна, өөр аргаар үзээд алдая гэсэн олон нийтийн итгэл найдвар. Энэ урсгал тогтоод удаагүй байгаа тул үр дүнг нь судалгаатай, баталгаатай хэлэх арай эрт байна.

Бүх л насны хүмүүстэй адил залуу хүмүүс ч мөн давуу болон сул талтай. (Залуу гэдэг нь 50-аас доош насныхан багтах болов уу). Залуучууд илүү дэврүүн сэтгэлтэй буюу илүү idealist үзэлтэй, айдас багатай тул зоримог шийдвэр гаргах чадвар өндөртэй. Гэвч туршлага багатай үзсэн харсан нь бага тул дутуу дулимаг шийдвэр гаргах магадлалтай, хөнгөн хуумгай тул гоё гялгар юманд хууртан буруу замаар орохдоо амархан байж болох.

Харин эмэгтэйчүүдийн тухайд байгалиасаа энэрэн хайрлах сэтгэл илүү, тэсвэр хатуужил өндөртэй тул яг одоогийн энэ цаг үед нас тогтсон эмэгтэйчүүд илүү шийдвэр гаргах төвшинд тохиромжтой мэт. Нас тогтсон эмэгтэй хүнийг шийдвэр гаргах албан тушаалд томилсноор бид ашиг тус илүү хүртэх болов уу …

МУ-ын шинэ Засгийн газарт хэд хэдэн эмэгтэй Сайд нар томилогдсон байна. Эмэгтэйчүүдийг айдасгүйгээр шүүмжлэн, доромжилж болдог тул шүүмжлэлийн бай болох нь илүү амархан байдаг. Сайжруулж, дээшлүүлэх талаас нь шүүмжлэх нь зүйн хэрэг, харин ажлын үр дүнг нь харж эхлээгүй ч үгүй байхад нь доош хийн доромжлохыг нь хараад их эмзэглэж байна.

Нэгэнт манай улсын нийт хүн амын дийлэнх нь залуучууд, бас эмэгтэйчүүдийг дэмжих ёстой гэсэн үзэл бодолтой тул эмэгтэйчүүдийг гутаан доромжилж байгааг хараад эмэгтэйчүүд цаашид улам л хойш суун, шийдвэр гаргах албан тушаалаас зугтах вий гэж эмээх юм…

--

--