Javkhlan Bayarsaikhan
2 min readAug 26, 2019

--

Алхам

Хэрэгтэй үед ухаарлын үгсийг
Онож мэдэж хэлж өгдөг
Ухаант мэргэн аавдаа талархая.
Сэтгэлийн ариуслыг олохыг эрмэлзэх нь
Эрдэнэт хүний биеийг олсон учир утга тэр ажгуу хэмээн
Үргэлж мөнхөд захьдаг аавын охин болсондоо талархая.
Сэтгэл ариун ухаан цэлмэг, бодол цэгцхэн,
Үг үнэн байхын төлөө хичээн зүтгэе би.
Бусдын төлөө сэтгэл байгаад ч
Бусармаг сэтгэлтэнд сэвтэж байвал
Өчүүхэн би вээр өөрийгөө зэмлэж
Сэтгэл юугаа засъю би.
Ариун сэтгэлтэнг олноор хүрээлүүлж
Алив сайхан бүхнийг бодож
Амьдралаа би цэгцлэх нь
Аавын охины үүрэг ажгуу.
Үргэлж бусдын төлөө байгаад ч
Үгэнд хутгалдан сэтгэлээ хямрааж
Өөрийгөө би дордуулаад яах вэ.
Өөртөө үнэнч байх нь чухал уу
Өрөөл бусдад харагдах нь чухал уу
Худал үгэнд хууртах нь чухал уу.
Хуурамч царайлж гүйх нь чухал уу.
Өөрөө чи бодоод үз
Өрөөл бусдад бүү авт.
Үргэлж өөртөө үнэнч бай
Өрөөл бусад чамайг ойлгоно гэж
Өөрийгөө тайтгаруулаад ч хэрэг юун.
Учир юу вэ энэ гэж
Учирлан ойлгуулах гэж хичээгээд ч яахав.
Угтаа чи өөртөө үнэнч бол
Учир нь тэнд оршино буй заа.
Нялхас тэнд дөвчигнөж л байг
Нялхастай зууралдаж сэтгэлээ гэмтээх вий.
Дэмий тэднийг зөнд нь орхи.
Тэндээ тэд тэмцэлдэж л байг.
Дэгдэгнэж очиж оролцоод хэрэггүй.
Тэвчиж тэднийг уучлах гээд ч яахав.
Зүгээр тэднийг зөнд нь орхи.
Зоргоороо тэд зодолдож л байг.
Нялхас юмдаа хэмээн тунгааж
Нигүүслэх сэтгэлийг өөртөө хурааж
Өрөвдөөд тэднийг бүү тоо.
Яг үнэндээ яасан гэхээр
Буяны үрээр ирсэн юм гэнэ.
Яагаад тэр юм бол оо гэвэл
Яг чамайг сургах гэж ирсэн
Ядмагхан сэтгэлт тэдгээр нялхас:
“Сэтгэлээ чи барьж дийлэх нь үү.
Сэргэлэн байгаад бултаж гарах нь үү.
Сэртэгнэж очиж адил болох нь үү” гэж
Шалгаж ирсэн буяны үр юм.
Харин чи үүнд авталгүй
Голын урсгал лугаа адил
Сэтгэлийн давалгаагаа ажин тунгааж
Сэрт гэхгүй өөрийгөө ажиж
Сэтгэлээ ариун цэвэр байлгахтун.
Атаархлын сэтгэлээс ингэж ангижирсан
Жөтөөрхлийн ганганаас ингэж чөлөөлсөн
Магтаалд автах мунхгаа арилгасан
Сэтгэлээ чангалж ингэж сурсан
Өөрөөрөө би харин бахархая.
Тийм болохооор энэ ухаарлыг
Дахин нэг алхам юм гэж
Гүнзгий дотроо тунгаан бодож
Өөртөө би цогцлоож чадна гэсэн
Итгэлээр сэтгэлээ зоригжуулж
Өдөр бүр сануулах аваас
Сэтгэл чи сурахаас яах вэ.
Энэ бүхнийг өдөр бүр бодож
Гэгээн бүхэн рүү тэмүүлэх сэтгэлээр
Тэр гэлтгүй тэднийг бодож
Хэн гэлтгүй хэвээр нь хайрла.

Б.Жавхлан 2019–08–21

--

--